2016-11-15
Энэ оны шинжлэх ухааны шилдэг нээлтүүд
"Time" сэтгүүл энэ оны шинжлэх ухааны шилдэг 100 нээлтийг нэрлэжээ. Ингэхдээ тэд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй эрдэмтдийн бүтээлийг шинжлэх ухааны томоохон эрдэмтэдтэй хамтран судалсны үндсэн дээр гаргасан байна. Энэхүү шилдэг нээлтүүдийг АНУ-ын Калифорнийн их сургуулийн инженерийн багийн нээлт тэргүүлсэн ажээ. Ингээд энэ оны шинжлэх ухааны шилдэг нээлтүүдийн жагсаалтын эхний таван байрыг уншигч Танд танилцуулъя.

НЭГ. Цуврал аллагын эзэд буюу математикийн томъёо
АНУ-ын Калифорнийн их сургуулийн инженерүүд дэлхийд зартай цуврал аллагын эзэн болон энэ төрлийн харгис гэмт хэрэг үйлдэгчид математикийн томъёоллын дагуу хэрэг үйлддэг байж болзошгүй магадлалыг дэвшүүлжээ. Энэ нь математикийн томъёолол, гэмт хэргийн давтамжийг мэдэж авснаар тухайн алуурчинг чухам юуны учир цуврал гэмт хэрэг үйлдээд байгааг шинжлэх ухааны үүднээс тайлж уншихад ач холбогдолтой юм байна. Инженерүүдийн судалгааны явцад дэлхийг цочроосон гэмт хэрэгтэн Ростов Риппер /жинхэнэ нэр нь Андрей Чикатлог. 53 хүнийг зэрлэгээр хөнөөсөн/-ийн гэмт хэргүүдэд цаг хугацааны болон математикийн томъёоллын нарийн холбоо байгааг мэдэж авчээ. Гэмт хэрэгтнүүд эл томъёоллоо "хүчний хууль" гэж нэрлэдэг. Энэ нь ертөнцөд ганц л тохиолдох магадлал бүхий үйл явдлыг тамааглахад хэрэглэгддэг юм байна. Жишээ нь, дэлхийн хаа нэгтээ газар хөдлөлт болохыг тэд урьдчилан тархин дахь мэдрэлийн эс хоорондын зөрчлөөс мэдэрдэг байж болно. Гэмт хэрэгтнүүд нэг удаа үйлдсэн гэмт хэргийнхээ дараагаар тодорхой хугацаанд алга болсны эцэст гарч ирдэг. Үүнийг эрдэмтэд алуурчдын мэдрэлийн эс хоорондын дайн, үүнээс урган гарах "хүчний хууль"-тай холбон тайлбарлаж байгаа юм. Мэдрэлийн эс хоорондын дайн гэдэг нь тархин дахь мэдрэлийн нэг гэмтсэн эс бусад хэдэн сая эс рүүгээ довтлох үед үүсдэг эмгэгийг хэлдэг байна. Үүнээс үүдэн тархины хүчтэй өвдөлт, ухаан санааны гажгаас алуурчид өөрийгөө хянах чадваргүй болж гэмт хэрэг үйлддэг хэмээн эрдэмтэд тайлж байгаа юм.


ХОЁР. Одой "Үлэг гүрвэл"
Өнөөдрөөс 200 сая жилийн тэртээ амьдарч байсан шинэ төрлийн ургамал идэшт үлэг гүрвэлийн чулуужсан үлдцийг Өмнөд Африкаас олсон байна. Энэ нь "Heterodontosaur" хэмээх шувуу төрхтэй, хурц соёотой, ургамал идэшт, өмнө нь эрдэмтдийн судалж байгаагүй төрөл зүйлийн үлэг гүрвэл байжээ. Эрдэмтдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл нь эрүүний бүтэц гэнэ. Учир нь хөгжил, бүтцийн хувьд махчин үлэг гүрвэлээс ер дутахааргүй байсан ажээ. Мөн махчин төрлийн үлэг гүрвэлээс биеэ хамгаалахын тулд соёогоо ирлэдэг байсан байж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Энэ ховор олдворын тухай эрдэмтэн Грум Анхорд "Үнэхээр сонин бүтэцтэй амьтан байсан. Бидний мэддэг үлэг гүрвэлүүдээс тэс өөр. Мөн махчин амьтадтай адил хурц соёотой байсан нь биднийг нэлээд төөрөгдүүлсэн шүү. Цаашдын судалгаа шинжилгээнээс их зүйл тайлагдах байх. Юутай ч бид 200 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн нэг төрлийг олж чадлаа" хэмээн ярьжээ.


ГУРАВ. ХДХВ-ийн сорилыг гэртээ хийнэ
"ОраКүйк" нэртэй чухал төхөөрөмжийг хэсэг эрдэмтдийн баг бүтээсэн нь энэ оны шинжлэх ухааны шилдэг нээлтийн гуравдугаарт жагсчээ. Энэ төхөөрөмжөөр гэртээ сууж байгаад ХДХВ-ийн шинжилгээ хийх боломжтой болж байгаа гэнэ. Ямар ч эмч, эмнэлэг хэрэггүй, зөвхөн шүлсээ "ОраКүйк"- эд дусаахад л хангалттай. Ингээд 20 минутын дараа Таны сорилын хариуг дохиогоор өгөх юм байна. Мөн өөр дээрээ ХДХВ-ээс хэрхэн сэргийлэх, вирус тээгч мөн бол хэрхэн эмчлэх зэрэг нэмэлт программыг суулгаж өгсөн аж.


ДӨРӨВ. "M&M" чихрийн зөгийн бал
Зөгийн бал үйлдвэрлэлийн шилдэг компани Францын "Рибиваль" өнгөт зөгийн бал гаргаж авчээ. Энэхүү компани зөгийн бал үйлдвэрлэл, технологийн маш нарийн дэглэм баримтлан ажилладаг. Харин энэ удаа хийсэн туршилт нь олон эрдэмтдийн гайхширлыг төрүүлээд зогсохгүй хэрэглэгчдийн дургүйг хүргэсэн гэнэ. Учир нь компанийн удирдлага нэг хэвийн өнгөтэй зөгийн балнаас хэрэглэгчид уйдсан хэмээн үзэж өнгөт зөгийн бал гаргаж авахаар шийдсэн байна. Тус компанийн зөгийн балны үйлдвэрээс холгүй орших алдарт "М&М" чихрийн үйлдвэрийн задгай хаягдал чихрээр хооллосон зөгийнүүдээс өнгөт бал гаргаж авсан аж. Гэвч жирийн зөгийн балнаас өнгө үзэмж сайтай ч амт чанарын хувьд тааруу байсан нь шинжилгээгээр нотлогдсон байна. "Рибиваль" компанийн эл бүтээл шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн сонирхолтой тохиолдол байсан ч 10 сая тонн зөгийн балыг устгалд оруулсан нь компанийг багагүй хохирол амсахад хүргэсэн юм.


ТАВ. Хамгийн их маргаан дэгдээсэн зураг буюу ХИЙМЭЛ ҮҮЛ
Голландын "сахилгагүй" эрдэмтэн Бернднаут Смайлде ердийн тасалгааны голд жижиг үүлийг хиймлээр бүтээсэн нь Европын олон цахим хуудаст шуугиан тариад байна. Учир нь түүний тасалгааны голд бүтээсэн хиймэл үүлний зургийг хүмүүс фотошоп програмаар янзалсан, янзлаагүй хэмээн ихээхэн маргаан дэгдээсэн юм. Сахилгагүй эрдэмтэн хиймэл үүл гаргахын тулд таван жил зарцуулсан байна. Мөн нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттай ажиллахгүй бол гэрээ ч "дэлбэлэх" аюулд өртөж болзошгүй байжээ. Юун түрүүнд өрөөний температурыг зохих хэмжээнд барих ёстой болсон нь багагүй төвөг учруулсан байна. Ийн тодорхой температуртай тасалгаанд чийг, тог байхад л үүл бүтээхэд хангалттай нөхцөл бүрджээ. Бүх нөхцөлийг бүрдүүлсэн "сахилгагүй" эрдэмтэн өөрийн тусгайлан бэлтгэсэн манан үүсгэх машинаа ажиллуулан үүл гаргасан нь 2012 оны шинжлэх ухааны шилдэг нээлтийн тавдугаар байрт бичигдсэн юм. Хиймэл үүл үүсээд ердөө хоёрхон минут болоод замхардаг ч үүл нүүхийг ойроос харах үнэхээр сайхан байдаг гэнэ. Түүний эл нээлтийг үзсэн хүмүүс "Хиймэл үүл нүүхийг харахад алдарт зураач Магритийн сюруализмын гайхамшигт сонгодог бүтээлд дүрслэгддэг зүйлүүд өөрийн эрхгүй санагдсан" хэмээн ярьжээ. Харин "сахилгагүй" эрдэмтэн "Миний бүтээлийг олон хүн үгүйсгэсэн. Одоо тэдгээр хүнд би бүтээлээ гайхуулах болно. Анх нисдэг машин бүтээнэ гэхэд хүмүүс итгэхгүй л байсан.
Би нисдэг машинаас ч төвөгтэй зүйлийг бүтээж чадсанаараа бахархаж байна" гэжээ.
Бичсэн: Урангоо | цаг: 17:31 | шинжлэх ухаан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax